Захчины ахуй соёл, иргэншлийн түүхээс

Захчины ахуй соёл, иргэншлийн түүхээс


    Захчин нар нь эртнээс нааш таван хошуу малаа малаа маллан уул, талаар нүүдэллэн амьдрахын зэрэгцээ Ховдоос Гүчень хүртэлх 8 суурь өртөөний албыг хашиж өөрийн өвөрмөц түүх шашдир, зан заншил ахуй соёлыг бий болгосоор ирсэн билээ. Захчин нар нь нийтлэг монгол угсаатны адилаар байгаль дэлхийгээ аргадан тайж, идээ ундааныхаа дээжийг арван гурван алтай, атаа таван тэнгэртээ өргөж амь бие, ах дүүс, нутаг олноо даатгадаг арвин баялаг уламжлалтай.


    Манхан сумын захчин нар нь үүний нэгэн адилаар уул ус, нутаг нугаа эзэн лус савдагтай хэмээн үзэж амь биеэ даатган тахиж онголон хамгаалсаар ирсэн. Захчины сэтэрлэж тахидаг газар усны эзэн нь голдуу эмэгтэй хүн буюу эм савдаг байжээ. Манхан сумын Гурван сэнхэрийн савдаг нь цагаан дээлтэй эмэгтэй хүнд хувилж үзэгддэг бол Зэрэг голын савдаг тэмээ унасан эмэгтэй, Төгрөг голын савдаг цариа муутай хар авгайн дүртэй гэнэ. Мөн Баян түмбэ уулын эзэн савдаг нь алтан загас, Их цахирын савдаг нь цагаан арслан, Тахилтын савдаг нь гарьд шувуу байдаг гэх мэтээр домоглон ярьдаг. Захчин нар нь уул усны эзэн лус савдагыг тахихдаа алт, мөнгө, шүр, сувд номин гэсэн таван эрдэнэ, арвай буудай, будаа, вандуй, дэлийн будаа гэсэн таван сайн ургамал, улаан, цагаан зандан задь гүргэм гавар гэсэн таван тансаг үнэртнээр тахидаг уламжлалтай. Үүнээс гадна захчин нутаг хошуунд тахилгатай олон арван овоо бий. Манхан суманд Наймдаан овоо, Мойногын Улаан толгойн овоо Тэвх Рашаат булгийн овоо Их цахир Хүрэн хөөгийн овоог бороо хур элбэгтэй ард нийтээр амгалан байхыг хүсэж амь биеэ даатган тахихын зэрэгцээ онд мэнд өнтэй орсоныг бэлэгдэж цагаан сарын овоог айл бүр  гэрийнхээ өмнө талын өндөрлөг дээр засаж тахидаг уламжлалтай. Захчин нар нь дээрх уламжлалт шүтлэг бишрэлээс гадна бурханы шашны нөлөөнд гүн гүнзгий орж Ойрадын бурханы шашны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ард түмэн билээ. Захчин хошуунд байгуулагдсан олон арван хүрээ хийдээс томоохон нь Захчин да-ийн хошуу буюу одоогийн Манхан суманд байгуулагдсан Төгрөгийн хүрээ, Зэрэгийн хүрээ юм. Энэхүү хоёр хүрээнд 500 аас дээш лам шавилан суудаг байжээ. Төгрөгийн хүрээ нь 1778 онд байгуулагдсан бөгөөд гол шүтээн нь Жамба Жугдан Майдар бурхан, Зая бандида Намхайжамцын дүр суумал бурхан, олон бурхан тахил байснаас гадна бусад сүм хийдээсээ илүү баялаг номын сантай байжээ. Төгрөгийн хүрээнд Хутагтын гэгээн зая бандида Намхайжамцын намтар зохиолыг байрлуулан тахидаг байжээ. Харин Зэрэгийн хүрээг 1838 онд Алтан тээлийн хөндий Зэрэг голын хойт эхэн Наймдаад үүсгэн байгуулжээ. Энэ хүрээ бол захчин хошуунд үүсгэн тогтоосон 7 дацангын хамгийн том нь бөгөөд 500 –аад лам шавилан суудаг байжээ. 1930–аад оны эцсээр 365 ламтай байсан байна. Гол шүтээн нь Майдар бурхан бөгөөд ганжуур, данжуурын сүм дуганыг байгуулж зуны сүүл сар, намрын эхэн сард ганжуур эргэх ёслол үйлддэг байжээ.


     Дээрх хүрээ хийдүүдэд Равжамба Зая бандидын тууж Сараан гэрэл, Хутагтын хэвтмэл хөх түүх, Намтар болой Захчин манай дацангын зуу шүтээний намтар оршвой зэрэг олон арван Ойрадын болоод Захчины оюуны үнэт бүтээлүүд хадгалагдаж байжээ. Үүнээс гадна шашны өвөрмөц хийцтэй эд зүйл цамын бүрэн өмсгөл хэрэглэл Зэрэгийн хүрээнд байжээ.