Ус, ургамал амьтан, газрын гадарга, цаг уур

Усны нөөц: Сумын нутгаар Мөнххайрхан цаст уулаас  эх авсан Дунд сэнхэрийн гол урсан өнгөрөх ба Хойт сэнхэрийн гол, Хар ус нуур гадаргын усны томоохон нөөцтэйн дээр Төгрөгийн гол, Өөшийн гол, Цагаан бургасны гол, Ангиртын гол, Хөндлөнгийн ус, Жаргалантын ус, Хуурай сэнхэр, Шуугиат   зэрэг гол горхи урсацуудтай. Хагын нуур, Хоолын их бага тогтоол, Хөндлөн харын тогтоол зэрэг нуур цөөрөм хөвтэй. Шар тохой, Рашаат, Зах булаг, Мухрын ус, Цөсийн ус, Жаргалтын ус зэрэг 120 гаруй  булаг шандтай. Одоогоор тус  сумын бэлчээрийн усан хангамжийг инженерийн хийцтэй  гүн өрмийн 12 худаг, энгийн уурхайн 40 гаруй  худгаар шийдвэрлэж  байна.

Ургамлын бүтэц:

 

Тал хээр уулархаг бүсэд ургадаг ургамлын бүтцээс бүрдсэн ба бургас, улиас, зэрлэг чацаргана, нохойн хошуу, тошлой, эмгэлж, хатуу хар, хад, хонхот харгана, зэрэг модлог ургамал, шар харгана, ямаан харгана, тэсгэнэ, шаваг, хармаг, тэхээн шээг зэрэг бутлаг ургамал, Вансэмбэрүү, тавансалаа, хонгорзул, сэржмядаг, алтан гагнуур, гоньд, балгана, газар өвс, созон, чихэр буяа зэрэг олон төрлийн эмийн ургамал ургахаас  гадна бэлчээрийн ургамлын бүтцийг ерхөг, хялгана, агь, таана, хөмүүл, зээргэнэ, ацмаг, гишүү зэрэг 160 гаруй төрлийн үндэст болон үрт ургамал ургадаг.

Ан амьтан: Алтайн нурууны зонхилох хэсгийн өндөр уулсаар Аргаль, угалз, янгир ирвэс, шилүүс, чоно, үнэг, цагаан тарвага, тал хээр газраар бөхөн, цагаан зээр, хар сүүлт зэрэг ан амьтан тархан байршсан. Тас бүргэд ёл, хойлог, шонхор зэрэг олон төрлийн жигүүртэн шувуудаас гадна усны бүх төрлийн шувууд нүүдэллэн амьдардаг. Хар усан нуурын орчинд Хотон, хун, бор галуу, Нугас, ангир зэрэг олон төрлийн нүүдлийн шувууд зусдаг.

 

Газрын гадарга: Манхан сум Монгол орны  баруун хэсэгт  орших бөгөөд Улаанбаатар хотоос  1336 км алсад байрладаг. Монгол алтайн нурууны ар их нууруудын хотгорын бүсэд орших Чандмань, Буянт, Дуут, Мөнххайрхан, Мөст зэрэг сумуудтай.

Тус  сум 433.0 мянган га нутагтай, далайн түвшнээс  дээш 1200-3200 метр өндөрт өргөгдсөн. Аймгийн газар нутгийн 5.7 хувийг эзэлдэг. Сумын газар нутгийн 98 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

Орох хур тунадасны  хэмжээ 120-140 мм, цастай  байх хугацаа 90-120 хоног орчим. Хамгийн хүйтэн агаарт -46 хэм, хамгийн дулаан +36.9 хэмийн хэлбэлзэлтэй  байдаг. Дэлхийд алдартай  Гурван  сэнхэрийн гантиг чулуун агуй, 44 м уналттай  Зүүн уулын хүрхрээ, Тооройн элс, Гоогийн гурван  хайс  болон олон арван рашаан ус, газрын тос, нүүрс, зэсийн нөөц ордтой.

Цаг уур: Эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт оршдог. Байгалийн уулархаг, цаг агаар сэрүүн. Жилийн дундаж температур +20о градус цельс, зуны дулааны температурын дундаж нь +15,00 — +16,00 градус цельс, хамгийн их дулаан нь +28,00— +40,00 градус цельс хүрдэг. Өвлийн хүйтний температурын дундаж  -13,00— -14,00 градус цельс орчим, их хүйтэн нь   -29,00— - 30,00 градус цельс байдаг. Жилийн дундаж хур тунадас 70,0 мм, хуртай жилийн тунадас 142,0 мм, гантай жилийн дундаж тунадас 60,0 мм орчим байдаг.