Байгалийн баялаг, түүх дурсгалын болон үзэсгэлэнт газрууд

Манхан сум нь Таван баян гэж домоглогдсон Баянхайрхан, Баянхудаг, Баянхошуу, Баянтүмбэ, Баянзүрх,  Жаргалант хайрхан, Жинст хайрхан, Гоо гурван хайс, Хүрэн хөөгийн нуруу гэх өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн бөгөөд Төгрөгийн гол Сэнхэрийн гол, Зэргийн гол, Рашаатын хүрхрээ, Ботгон гурван сэнхэрийн хадан хавцлуудтай говийн талархаг бүсэд оршдог. Эртний түүх соёлтой холбоотой хойт сэнхэрийн агуй Сүүж, Сайр, Жинст, Жаргалант хайрхан, Гурван улиаст, Хүүш, Бор хурган, Нүхэн өтөг, Хясаа, Ишгэн толгой, Ганц  мод, Баянтүмбэ, Алаг толгой, Тарвагатай,  хадан хясаанд эртний хүмүүсийн урлан хийсэн хүн, мал, адгуус амьтны дүрс хадны бичиг зураглал олонтой. Гүн худгийн адагт Цагаадайн харын хөшөө, Шинэ усанд Хөшөөт хүрээн 2 метр хөшөө, Хавтгайн ёроол, Бошго нарын улаан зэрэг газарт том жижиг хөшөөн чулуу  байдаг.Сумын нутгаар хойноос  урагш 90 шахам километр Сартагтайн шуудуй  дайран өнгөрдөг. Энд уулын спорт аялал, байгаль түүх, архелогийн дурсгал сонирхогчдын эрдэм шинжилгээний амралт зугаалгын төрлийн аялал зохион байгуулах боломжтой. Монголын есөн гайхамшгийн нэгд бүртгэгдсэн Гурван сэнхэрийн агуй байхаас гадна Оройгийн цахирын агуй, Тахилтын хотгорын Хүннүгийн булш, Рашаантын хүрхрээ, Тооройн элс, Гоо гурван хайс зэрэг байгалийн  дурсгалт газрууд олонтой.  

Байгалийн баялаг: Тус суманд Ганц  модны гол, Хонгор, Зүүн уулын Зүлэгтэй, Яварын чулуу нүүрсний орд, газрын тос, нүүрс, зэсийн нөөцийн орд, гантиг, шохой, төмрийн хүдэр, усан болор, зос, элс, хайрга, шар шавар зэрэг байгалийн баялаг ашигт малтмал үйлдвэрлэлийн түүхий эдээр арвин.