Манхан сум байгуулагдсан түүхээс

Монгол оронд Ардын хувьсгал ялсны  дараа 1923 онд Монгол Улсын нутгийн захиргааны дүрмийн ёсоор орон нутгийн засаг захиргаа, ардчилсан үндсэн дээр Чандмань уул аймгийг 8 хошуутайгаар байгуулсны нэг нь Хатанбаатар уулсын захчин хошуу хэмээн нэрлэсэн одоогийн Манхан сум юм.

Хошууг 5 сум болгон сумыг тухайн үед ахалж  байсан зонч мээрэн нараар нэрлэж  дотор нь аравт, хорьт тавьтын зохион байгуулалт хийж  хошуу тамгыг одоогийн Манхан суманд байршуулжээ.

БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 1930 оны эхээр Ханбаатар хайрхан уулын хошуу татан буугдаж орон нутгийн засаг захиргаа  сумдыг байгуулан, хошуу нь хуваагдаж  Манхан, Зэрэг, Үенч, Алтай  хэмээсэн 4 сум байгуулагдав. Хошуу нутгийн тушаалтан болон идэвхтний цуглааныг 1930 оны зун дөрөвдүгээр багийн нутагт Таван овоо гэдэг газар хийж  сумын нэрийн тухай  хэлэлцэн олон санал гаргасны  дотроос  Я.Мандаагийн саналаар нутгийн хойт зүгт орших элст Манхан уулаар бэлэгдэж Манхан уул сум гэж  нэрлэхээр тогтсон байна. Яваандаа  уул гэдэг үг нь гээгдэж  одоогийн Манхан сум болсон байна.

1930-аад оны эхээр хошуу тамга татан буугдсаны  дараа сумын захиргаа бие даасан контор гэртэй  болж, үүнд сумын нам, захиргаа, эвлэлийн үүр хамтран ажлаа явуулж  байсан нь орон нутагт төр олон нийтийн байгууллагууд үүсч бэхжихийн эхлэл болон тавигдсан байна.

1930-1940 оны хооронд Мал аж  ахуйн үйлдвэрлэлийг эрэлхийлэхийн зэрэгцээ газар тариалан худалдааны  байгууллагуудын үндэс  суурь тавигдаж, хоршоо, артель зэрэг байгууллагууд ажиллаж  иржээ. Энэ  хугацаанд мал сүргээ өсгөх, сүү цагаан идээгээ боловсруулан хүнснийхээ хэрэгцээг хангаж, тэмээ, хонины ноосоор өрхийн гар үйлдвэрлэл явуулж  ирсэн.

Хүн амын 98% нь захчин ястан эзэлдэг, газар нутаг нь 433 мянган га, далайн төвшнөөс  дээш 1200-3900 метр өндөрт өргөгдсөн Алтайн хэв шинжит нутагтай. Монгол алтайн нурууны ар Их нууруудын хотгорын бүсэд Чандмань, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Буянт сумтай  хиллэн оршдог.

Улаанбаатар хотоос  1336 км, Ховд хотоос 87 км газар оршдог. Улсын тусгай  хамгаалалтад 1850 га, орон нутгийн тусгай  хамгаалалтад  1850 га талбайтай, орон нутгийн тусгай  хамгаалалтад Гурван цэнхэрийн агуй, Хүннүгийн булш, археологийн дурсгалт  газрууд байдаг.

XYIII зууны эцэст, зүүн гарын хаант улсын үед зах, хил хязгаарыг хамгаалан сахьсан харуулын ардыг захчин гэж нэрлэснээр захчин хэмээх бүлэг бий  болсон бөгөөд захчин нь бусад ямар ч  ястнаас  хэл аялгуу, ёс  заншил, хувцас, ахуйн хэрэглээний  хувьд ялгаатай, дууны үг, аялгуу  бий  биелгээ хөдөлгөөний  хэв маяг нь өөр юм.

Захчид XYIII зууны  эхний хагаст зүүн гарын хаант улсын хил дагуу  Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жүлтас, Бага жүлтас , Булингар  гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл, Цагаан тохой  зэрэг газруудад нутаглан суурьшиж, улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж  байсан. Захчины  /овог, элхэн/ ураг төрлийн тогтолцооны хүрээнд өнөө үе хүртэл эцгийн ясан төрлөөр угсаа залгах, элхэнээс гадуур буюу  хариас  ураглах хоёр ёсыг сахиж  иржээ. Захчин нь: садан төрлөө тамгаар танин, имээр ялгадаг. Уламжлал нь захчины овгийн гарал үүслийг тодруулах эх сурвалж  болсон. Одоо Манхан суманд захчины  20 гаруй  төрлийн элхэн, 13 орчим тамгатайгаар үе дамжин амьдарч  байна.